Thursday, May 15, 2014

Удган бөө болох тухай
Бөө мөргөлийн жаяг ёсонд удган бөө болох тухай
Хүн төрөлхтөн галыг эзэмшиж эрхшээлдээ оруулж эхэлсэн тэр цаг хугацаанаас эхлэж бөө мөргөлийн жаяг ёс үүсч эхэлжээ.
                Монголын, Монголчуудын эртний дээдсийн жаяг ёс болох бөө мөргөлийн ёс заншил маань цаг хугацааны хувьд нэгэн үе сэргэн мандаж, нэгэн үе мөхөн сүйрч, нэгэн үе далд нууцлагдмал байдалд орж, нэгэн үе түркжиж, нэгэн үе шашинжиж явсаар өнөөдрийн 21 р зуунд хүрчээ.
                Би Буриад хүн, Буриад бөө мөргөлийг судалж, алс зайнаас харж сонсож. дуулж, ярилцаж явхад гоё байдаг. Тэд өнө эртний улиг түүх үлгэр домог туульсаа басган миний шивнэн хүүрнэсээр байна. Бөө болно гэдэг нь хэдэн уул усны нэрийг холбож шүлэг шиг юм болгочихоод түүнийгээ дуудлага гээд хэнгэрэг балбаад байдаг ч юм арай биш бололтой.
                Бөө мөргөлийн ёс жаягт бөө удган хүн маань тэнгэрийн ороныг задлан уншиж газартай хөөрөлдөж усыг чагнаж чаддаг байх учиртай. Энэ эрдэмийг гурваас дөчин гурван насны хооронд төгс эзэмшиж, дөчингурван насандаа анхны чанар шандарууг дөрвөн далай таван тивд таниулж тэнгэрийн оронд мэдүүлж тэрмэн мичдэд дуулгаж, алтан наранд мөргөж, авай саранд бөхийж цахил цагаан цахилгаан тэнгэрийн гал очин дуудлага татаж эхийн умайгаас эргэж төрөхгүй эмнэг догшин уг гарвалаа алд биеэрээ эргүү улаан цусаараа гүйлгэж уураг тарихиа  бажуулгаж ухаан бодолоо эзэмдүүлж ургаа модонд хөхийчилж уулын модонд донгодож, усан далайд гутаарчилж угай ( удмын ) тэнгэрт бүргэдчилж бөө удган болох алхам эхэлдэг юм.
                Бөө, удган болсон хүн маань ямар байх вэ? Гэдгийг бөө мөргөлийн эртний дуудлагуудад дурьдсан байдаг. Жишээ нь: Хорь буриадын Дашхай түргэний заарингийн дуудалганд . . .
                                Хээ хээ хээ хээ
                                Хүлэрэй хүбүүн Хүхэдээмни
                                Хонгор hайхан хорин наhаган бишал
                                Хоёр hайхан басгатай
                                Гурван hайхан хүбүүтэй   
                                Шандган сагаан гэргэтэй
                                Агц дүүрэн адуу малтай
                                Ааг бихалзhан дүчин наhатан л
                                Айл аймгай басгата
                                Аяглаж эргэхээ болинхойлэ
                                hамгад басгадай амтанд
                                Нюдэлж дурлахаа болинхойл
                                Амитан олон зонд
                                Зохидхон заяашаар хөтөлөхмни
                                Хүх тэнгэрэй орной
                                Тэрмэн мичнэй заяатай би
                                Тэнгэрийн хөтөчөөр угзрахмни
                Энэ дуудлаганд ажилглалт задлан шинжилгээ (анализ) хийгээд үзвэл
-          Хүлэрийн хүү Хөхөндэй гэдэг нь хүү маань хорин настан бишээ, хоёр охинтой гурван хүүтэй сайхан гэргийтэй (гэрийг гийгүүлэгч), Агц нутагаар дүүрэн малтай, айл хөршийн охидыг эргүүлдэггүй ( хормойн донгүй ) эмэгтэйчүүдтэй зөв боловсон харьцаатай учираас тэнгэрийн оронд тэрмэн ( зайгуул ) мич ( од ) болсон би ( Даш заарин ) хүүгээ бөө болгож ( угзрах ) хөтлий гэж хэлж буй дуудлага юм шүү дээ.
                Бөө болох нас эрт үеэс дөчин гурван нас гэж товлодог байжээ. Дөч давсан нас гэдэг маань ямар нас вэ гэдгийг дээрх дуудлагад өгүүлж байна.
            Уг гарвалын тамга
Бөө мөргөлийн жаяг зан заншилд эрэгтэй хүнийг бөө, эмэгтэй хүнийг удган бөө гэнээ. Уг гарвалын тамга тэмдэг гэдэг бол удмын хүмүүс дундаа үе бүр дээр нэгэн хүн буудаг бололтой. Төрөхөөс уг гарвалын ( онгодын ) тамгатай хүмүүс гол төлөв эхэстэйгээ ( алтан өлгийтэйгээ ) төрдөг. Алтан өлгийг алт мөнгөөр хөндөж эх бариж авдаг ажээ. Энэ ёс Орос үндэстэнд, Киргиз, Узбек үндэстнүүдэд бас байдаг ажээ. Бөө маань тодорхой жаяг ёсны дараа дэг дэв ахиж заарин бөө гэсэн цолонд хүрдэг. Заарин цолонд хүрсэн бөө маань далдыг харж далайг тандаж, могойн мөрөөр мөрлөж, хорхойн мөрөөр холбож, холыг ойртуулж, хар нүд нь хаслагдаж, үзэх нүд нь гэрэлтэж, алд бие нь толирч ( өвчингүй болж ) амь нас нь бэхжиж бэхлэгдсэн байдалд далд үед ордог бөгөөд нармийн сүвээгээрээ нар харж ( нилээд туранхай хөнгөн жинтэй )
                Дөрвөн цагаан мөчнөөсөө
                Дөрвөн төө шөрмөс авч
                Шигэн улаан цусаа
                Шившин долгиолуулж
                Шидийн торгон харгуй
                Тодрон ургаж гарна гэдэг. Энэ зам нь наян нэгэн хүний амь насыг дааж үхэлээс аварч гучин гурван хүний харгуй замыг толруулж ( зөв замд нь оруулж ) боом тахал өвчнийг хааж гарч ирдэг ёстой. Түүнээс биш нэг чанар хийчхээд заарин боллоо гэдэггүй юмдаа. Бөө мөргөлийн жаяг ёс маань шарын шашин буддизмтай ганзага нийлдэггүй. Жишээ нь: Улз нутагт бөө лам хоёр хүч чадалаа үзээд лам нь үхэж бөө нь сохорч бөө ламын түймэр гэгч гарч маш их аюул болсон юм гэдэг. Дархадын нутагт Дамидан заарингийн ээж удган Зөөлөнгийн хийдийн соржтой ном шид хаялцая гэлцэж өдөр товлоод байтал давсаг бөөр нь өвдөж шээс нь гарахаа больжээ. Хөгшин энэ лам хэлцэлээс өмнө шид гүйлгэлээ гэж бодоод хариулга хийж лам үхсэн юм гэдэг л дээ.
                Дархад ястангууд түрүү булчирхайн үрэвсэл, давсаг бөөрний өвчинг, умай өндгөвчний үрэвслийн өвчинг ламын хараал шидийн өвчин гэдэг ажээ. Бөө мөргөлийн жаяг ёс маань хүн оюун ухаанаараа далд ертөнцөд буй өөрийн төрөл садан дээдсийн язгуур сүнстэй холбогдох аргыг эзэмшихийг сургасан зан заншил юмдаа.
                Шинжлэх ухааны эрдэмтэн доктор академчид оюун ухааны агуу төгс чадварыг нэгэн самбарт хүн өөрөө агуу гайхамшигт хүрч эзэмшиж болдогийн жишээ бол сайн эмч, сайн багш, сайн тракторчин, сайн жолооч гэх мэт. Хүн төрөлхтний сайн гэгдэх чадвар гэдэг нь уг удмын сайн чанар чадавхи сэтгэл байхаас гадна өссөн орчин нийгмийн орчин тойрны нөлөө байна.
                Одоо энэ үед монголчууд бөө, лам, удган нарт өөрсдийгөө даатгаж байхын оронд өөр өөрсдийнхөө удмын угийн оюун ухааны нэгдлийн агуу чанарт өөрийн оюун ухааны хүчээ нэгтгэж төвлөрүүлж зөв орчинд зөв сэтгэлтэй явбал та төгс төгөлдөр амгалан тайван агуу гэгээлэг аж төрж амидрах болно.          
-          Болох аюул гай гамшигаас урьдчилан бэлтгэлтэй ухаалаг байж давж гарах сэтгэлийн хүч тэнхээтэй байх нь чухал. Хүн таны оюун ухаан сэтгэлийг ааваасаа ээжээсээ өвөөгөөсөө эмээгээсээ удамшин өвлөгдөж үе үедээ төгсжиж сайжирч агууд хүрэхээр зориж зоригжиж урган төлжиж нахиалж мөчирлөж гэрэлтэн толорч байх учиртай. Та өөрөө л агуу, таны оюун ухаан таныг хөтөлж явдаг болохоос биш таныг лам бөө удган хөтөлж явдаггүй.
                Удган хүнийг уг гарвал нь сонгодог дуудлагын тухай
Жавхайн хүүхэн Жалбалмаа удган ижийн дуудлага. Буриад ястай Үгнэй харгана омогтой 91 настай
                Алтан наран эхэ гарвал
                Налхан буурал ижиймни
                Нагнайн басган Найдалмаа
                Наян найман Хамниганые
                Найгуулж найрлуулж
                Наhа ехэ буян буулгаж
                Нахhан модон сэрэгийе
                Найгуулан бөхийлгөж
                Найман сутокт наhат багад
                Нарнай толон тамгые
                Хас татаж эргэвилби
                Эсгэмни Хорилдой
                Эхэмни Налхан
                Харганаhаа гарвалитай
                Үгнэhээ дуудлагатай
                Өндөр хэжингэ ташлантай
                Өндөр даваа шандантай
                Үвгэнэй үвэлжөө наадантай
                Үндэр хээр морьтой
                Намхай Борын Бороохой  
                Бялхын бага басганд
                Найм сутокдон наран хас татуулж
                Нартые харанхуйлж
                Намирhан тол татууллаа
                Наhан багад нь бүүвэйлж
                Арван гурван наhанд нь наж хорхой холбохоби
                Арван долоон наhанд нь хар бүргэд тошилхови
                Хорин таван наhанд нь хоёр зүрх холбохож
                Долоон амин болгохови
                Гучин таван наhанд нь гуниггүй эргэхэви
                Дөчин гурван наhанд нь тэнгэрийн толон татуулж
                Тэрмэн цагаан мичнэй
                Тэнгэрийн хөтөч болгохови
               
-          1940 оны сүүлчээр харахгүй хөгшин алдартай борхон удган Тарь нутагт байжээ. Энэ дуудлагыг тайлбарлая. Жамбалмаа удган 91 настай аав нь Үгнэй овгийн Харгана ястай Буриад хүн юм. Ээж нь хамниган хүн юм. Хамниганы Налхан удганы охин Найдалмаа удганы уг барьж жолоодож яваад 91 нас хүрээд нас баржээ. Тэгээд цааш нь эцгийн талынхаа Намхайн Борын Бороохойн Бялхын бага охинд найман хоногтой байхад нь эргэж хоёр нүдийг нь хасалж харахгүй болгож ) тамга татаж байна. Энэ тамгалсан бүүвэйг бүүвэйлж би өсгөнө гэж байна.
                13 насанд нь наж хорхой холбож гэдэг нь ус гол мөрний урсгал чимээ өгч шидлүүлнэ гэж байна. 17 насанд нь хар бүргэд тошино гэдэг нь тэнгэрийн байдалыг таниулна гэж байна. 25 насанд хань ижилтэй болгож 7 ам бүл болгон гэж байна. 35 наснаас санаа зовох юмгүй сайхан амьдруулна гэж байна. 43 насанд удган бөө болгоно гэнээ. Бууж ирж буй угийн дуудлага үглэлийг игэж зөв таниж ойлгох ёстой юмдаа.
                Удган хүнд хориглох олон зүйл бий үүнд:
-          Бөө мөргөлийн ёс жаягаа сарын тэмдэг ирж байхад гүйцэтгэж болохгүй.
-          Билгийн тоололийн 9,19,29,2,8,16 нд бэлгийн харьцаанд орж болохгүй
-          Жирэмсэн болвол бүх зэмсэгээ хүүхдээ 3 нас хүртэл хураадаг
-          Хөхнийхөө сүүг хүүхдээсээ өөр хүнд өгч болохгүй
-          Тогоо тавиж архи нэрж болохгүй
-          Цус, элэг, бөөр, зүрх, гүзээ идэж болохгүй гэх мэт зүйл орно.
Билгийн тоололийн сарын 2 нд өвчин зовлонгү байхыг даатгаж сүүг саранд өргөдөг. 8 нд дом шивч буудаг гэж үзэж саранд сүү өргөдөг. 16 нд саранд сүү архи цай өргөж ялан дийлэгч төгс төгөлдөр болно гэж үздэг. 9,19,29 нд муу хүчнээс хамгаалж хүрээ татаж ёслол үйлддэг ажээ.

No comments:

Post a Comment