Thursday, May 15, 2014

Мөнх тэнгэрийн шашин, бөө мөргөлийн тухай

Мөнх тэнгэр, шим ертөнцийн тухай ойлголт тайлагдашгүй арвин билээ. Энэ сэдвээр манай нэрт эрдэмтэн судлаачид олон зууны турш бичиж туурвисаар иржээ.
Зөвхөн манай эрдэмтэн мэргэд төдийгүй гадаадын олон орны эрдэмтдийн бичсэн ном зохиол цөөнгүй. Ойрын жишээ дурдахад Буриад, Өвөр монголын эрдэмтэн шинжээч, судлаачид энэ чиглэлээр шаргуу бичиж байна.
Мөнх тэнгэрийн тухай чадан ядан бичсэн миний санаа бодол бол төсөөлөл төдий, өөрийн ойлголтыг уншигч та бүхэндээ хүргэхийг зорилоо.
XIII зууны үед бөө нар тэнгэр газар шүтсэн өөр өөрсдийн онгон шүтээнтэй, зөвхөн нэгэн отог овгийн төлөө буулт хийдэг, хоорондоо өрсөлдөөн тэмцэл, тулаан ихтэй байжээ. Их эзэн Чингис хаан хамаг монголыг нэгтгэхдээ бөө мөргөлтнүүдийг нэгэн адил нэгтгэн мөнх тэнгэрийн шүтлэг, буулттай болгож нэгэн зорилго, нэгдсэн  шүтлэгтэй бөө мөргөлийн шашин бий болгосон байна.
Үүгээрээ урьд үеийн уг удам бөөгийн дов тойрсон нутаг, хязгаарлагдсан хэл, хилийн ялгааг арилгаж бөө нар нэгдэн мөнх тэнгэрийн хүчин дор буулт хийж төрийн сүлдэнд бүхнийг даатган, нийт Монгол төр, улсынхаа төлөө мөргөх болсон ажгуу.
Мөнх тэнгэрийн үзэл бол хүмүүн төрөлхтөн тэнгэрийн дор нэгдэн захирагдаж эх дэлхийгээ авран хамгаалах тэнгэрлэг номлол буюу. Энэхүү “МӨНХ ТЭНГЭРИЙН ШАШИН, БӨӨ МӨРГӨЛ” ном нь мөнх тэнгэрийн сан, мөнх тэнгэрийн залбирал, 99 тэнгэрийн дуудлага, долоон өвгөний тахилга, Бурхан халдун хайрханы тэнгэрийн овооны дуудлага зэрэг мөнх тэнгэрийн буултын учрыг тайлбарлах, таниулахад зориулагдсан болой.
Мөнх тэнгэр тайх тахилгын учир, архи, идээ, амттаны дээжээ хэрхэн өргөх, ямар ном уншлага, ёс жаягтай байдаг талаар номд товч оруулав.
Тэнгэрийн овооны тахилгыг хийхдээ: Мөнх тэнгэрээ дээдлэхийн учир онгод оруулж архи дарсыг дом төдий хэрэглэнэ. Догшин онгодын хүссэнээр архи хүртвээс онгод согтуу хоёр нийлж нэгэн хүнд гэм, нийт хүмүүст сэтгэлийн сэв суулгаж магад гэж болгоомжлох тул бөө хүн архийг төдий л хүртдэггүй.
Онгодын хүчинд автагдан их хайрхадыг тахиж байхад мөнх тэнгэрийн эрчим  хүчинд дийлдэн ухаан алдаж нам унах тохиолдол цөөнгүй удаа гардаг. Энэ бүгдэд сайн түшээ хэрэгтэй байдаг.
2001 онд болсон Бурхан халдун хайрханы тэнгэрийн овооны төрийн тахилгын үед их эрчим хүчинд нэрвэгдэн унахад минь бөө судлаач, доктор С.Дулам багш хэнгэргийг минь дэлдэн сэргээж билээ. Дэлхийн бөө мөргөлийн V их хурлаар Богд уулын Зайрангийн овоог тахих үед мөн л тэнгэрийн эрчим хүчинд цохиулан өөрийн эрхгүй унахад Хөвсгөлийн нэрт удган Баяр нөхрийн хамт хэнгэргийг минь дэлдэн сэргээж байсан. Лусын хөнөөлтэй бөө онгодоо захирч бөөлж чаддаг боловч мөнх тэнгэрийн эрчим хүчинд дийлдэн унадаг тохиолдол гарч байгаа нь тэнгэрийн эрчим хүч агуу ихийг илтгэнэ.
Бөө мөргөлийн шүтлэгт сав ертөнц шим ертөнцийн аливаа амьтай амьгүй эд юмсыг тэнгэрчилэн үзэж өөрийн орон зайд оршдог гэж шүтэн биширдэг. Тиймээс хүний оюун ухаан бол мөнх тэнгэрээс хайрласан хишиг, хувь заяа, төөрөг юм.
Бие цогцос нь тэнгэрийн хүчинд газраас хайрласан угтай буюу. Хүн бол гайхамшигт нэгэн цогцос бөгөөд цаг зуурын тэнгэрийн хүчний үзэгдэл сүнс болой. Бидэнд харагдаж буй хязгааргүй орчны үзэгдэх хэсгийг нь нэгэн тэн гэж ойлговол монгол ухаанаар тэн-гэр гэж нэрлэж болох мэт. Харин үзэгдэх, үзэгдэхгүй бүгдийг нийлүүлж мөнх тэнгэрийн ойлголт гарч ирэх болов уу. Мөн аливаа амьтны орчин гэр орон гэсэн ойлголтоос тэн-гэр гэж болох нь дүн-гэр хэнгэрэг гэдэг нэртэй утга адил буюу.
Иймд мөнх тэнгэр нь бидний орших орчлон ертөнцийг бүтнээр нь нэрлэсэн ойлголт болов уу гэж төсөөлөгдөнө.
Бөөгийн дуудлага буултад доорх гурван учир бий.
1. Дээдийн дээд буулт нь мөнх тэнгэрийн дуудлага буулт
2. Хайрхад онгодын дуудлага буулт
3. Бурханы дуудлага буулт гэж байдаг.
Шарын бөө нар бурханы төлөө дуудан буулт хийнэ.  Онгодын хөнөөлтэй бөө нар хайрхад онгодоо дуудан буулт хийнэ. Харин лусын хөнөөлтэй бөө нар мөнх тэнгэр хайрхад, онгод тэнгэрүүдээ дуудан мөнх тэнгэрийн буулт хийнэ.
Өөрөөр хэлбэл:
1. Мөнх тэнгэрийн улаач бөө
2. Хайрхад лус савдагийн зараалтай бөө
3. Онгодын хөнөөлтэй бөө гэсэн гурван төрөлтэй.
Буултын учир нь: Мөнх оршихуйн орчлон, сүнсний оронд хормын төдий саатах тэрхэн хугацаанд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн үйлийн үрийг таньж тайлсан мөнх хөх тэнгэрийн зараал улаач, бөөгийн шид, шидлэгийн ухаан юм.
Мөнх тэнгэрийн тухай арав гаруй жилийн турш судлаж олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл ном бичиж нийтлүүлсэн, 1998 онд ‘’Монголын нэгдсэн улсын төрийн шашны онол сургаалийн зарим асуудал’’ сэдвээр гүн ухааны докторын зэрэг хамгаалсан, түүх, шашин судлаач, эрдэмтэн Г.Гэрэлбаатар “XIII зуунд дэлхий дахиныг өдөр гэрэлтэх нар, шөнө туяарах саран мэт соён гийгүүлж удирдан жолоодож байсан эрхэм дээд ёс зүйн үндэс нь мөнх тэнгэрийн ёс зүй байсан’’ гэжээ.
Өвөр монголын эрдэмтэн Г.Гэрэлбаатарыг эрдэмтэн мэргэд, бөө, удганууд сайн мэднэ.
Бас нэгэн зүйлийг иш татахад Чингис хаан мөнх тэнгэрийн үзлийг боловсруулж түгээн дэлгэрүүлсэн нь Монголчуудын оюун санааны амьдралд гүн гүнзгий нөлөөлжээ.
Энэ нь одоо бидний ярьж буй тэнгэрийн номлол сургаал бөгөөд Чингис хаан монголын олон мянган жилийн уламжлалтай бөөгийн шашинд өөрчлөлт шинэчлэлт хийж, мөнх тэнгэрийн шашныг үүсгэн хөгжүүлсэн гавьяатай.
Мөнх тэнгэрийн шашин бол зөвхөн монгол үндэсний төдийгүй будда, христ, лалын шашинтай эн зэрэгцэхүйц даян дэлхийн шашин мөн ажээ.
Академич Ч.Далай “Монголын бөө мөргөлийн товч түүх” бүтээлдээ “Монголчуудын хэлдэг тэнгэр хэд хэдэн утгатай. Үүнд тэнгэр гэдэг гол утгаас гадна хийсвэр утга бас бий. Ямар нэг байгалийн үзэгдэл бүгд эзэнтэй бөгөөд түүнийг захирах эзнийг тэнгэр гэнэ. Монголын бөөгийн 99 тэнгэр бол 99 зүйлийг захирсан эзэн мөн” гэжээ.
Бөө мөргөл нь байгаль ертөнцийн үзэгдэл болгоныг эзэнтэй гэж үзээд үзэгдэл бүхнийг нэгэн тэнгэрт захируулна.
Тухайлбал, уг бүтээлд “Бөөгийн дуудлагад одон улаан тэнгэр, цахилгаан цагаан тэнгэр, одон заяа тэнгэр, хөх манхан тэнгэр, хотон улаан тэнгэр гэх мэтээр баруун зүгийн 55 цагаан, зүүн зүгийн 44 хар нийт 99 тэнгэр байдаг” гэжээ.
Доктор, профессор О.Пүрэвийн “Монгол бөөгийн шашин’’ бүтээлд тэмдэглэснээс үзвэл харсан тэнгэр хэмээх энэхүү ойлголтоос монголчууд эдийн тэнгэр, эцгийн тэнгэр, эхийн тэнгэр, эхнэрийн тэнгэр, малын тэнгэр, нохойн тэнгэр гэх мэт олон ойлголт буй. Жишээ нь “Нохойн тэнгэр хаяв” хэмээн бөө залж ирээд босгон дээр цагаан даавуу тавьж голомтын адагт дэвссэн ам цагаан эсгий дээр нохойгоо зогсоож өмнө нь тавьсан идүүрэнд сүү дүүрэн хийгээд нохойг тулганы баруун хөлөнд уяж бөө өөрөө тулганы хойд хөлөөс улаан утсаар оосорлон баруун гартаа барьж идээ шүүс өргөн сан тавьж онгод тэнгэрт залбиран буян хишиг дуудна. Энэ үед гэрийн эзэгтэй мөн тулганы зүүн хөлөөс улаан утсаар оосорлон, баруун гартаа  бариад зүүн гараараа нохойг хүзүүвчнээс нь барьж гал голомтонд мөргүүлэх зан үйл хийж байхад өрхийн тэргүүн галдаа идээний дээж өөх тос өргөн бөөгийн нэгэн адил нохойн буян хишиг гуйх ёсон бий.
Ертөнцийг нэгэн багцад багтаан ойлгоход мөнх тэнгэрийн дор од эрхэс, 99 тэнгэр, хүний нийгэм, амьдрал сүлдэн тэнгэрийн утгад багтсан байдагт оршино.
Мөнх тэнгэрийн дор оршихуй сүлдэн тэнгэр нь хар, цагаан сүлдний тахилгатай арван зүгийн эзэн тэнгэр, гурван цагийн эзэд  тэнгэрт орших буюу. Найман зүгийн орны эзэд хаад нэгэн төвд чуулж захирагдах, дөрвөн зүгийн хүчний хар сүлд нь арга билгийн ухаанаар хас төр мөнх тэнгэрийн хүчин дор нэгдэх гэсэн ойлголт болов уу.
Бөө мөргөлийн өчиг дуудлаганд мөнх тэнгэрийн дээд заяагаар үүдэж гэж өгүүлдэг нь сүлдэн тэнгэрийн учир буюу төрийн сүлдэнд мөргөх сүлдэн тэнгэрийн далд хүчин мөнх тэнгэр юм.
Бөөгийн ёсонд дээд тив, дунд тив, доод тив гэсэн ойлголт байдаг. Дээд тив нь мөнх тэнгэр, нарны аймаг, хумхийн тоос, од эрхэс, тэнгэр огторгуй болно. Дунд тив нь халуун хүйтэн цуст амьтны аймаг, хайрхад тэнгэр болно. Доод тив нь эст ертөнцийн орон, халуун хүйтэн цөм болов уу. Үүнээс улбаалж мөнх тэнгэрийн оршихуйн орон гэсэн ойлголт байх ажгуу. Хайрхад лус савдгийн орон, эс оршихуйн орон гэсэн санаа байдаг болов уу.
Даяарчлалын өнөө үед монгол оронд олон шашин чөлөөтэй орж ирж залуус ямар ч шашин мөргөлийг шүтэх нь хувь хүний эрхийн асуудал болжээ. Монгол язгуурын бөө, мөнх тэнгэрийн шүтлэг мартагдах тийшээ хандсан боловч монголын ёс заншил, ахуй амьдралд бат нягт шингэсэн болохоор ямар ч төр шашны дарангуйллын үед бөөгийн шүтлэг мөн чанараа хадгалсаар ирсэн бөлгөө.
Монгол наадам бол мөнх тэнгэрийн бөө мөргөлийн утга учрыг шингээсэн тэнгэрлэг баяр цэнгэл бөгөөд уртын дуу нь хүртэл агуу их түрлэг айзамтай билээ.
Бөх нь бөө лугаа адил хангарьд, харцага, шонхор зэрэг бөөгийн шүтээний онгодуудын нэгэн адил нэртэй байдаг.
Дэвэх, шавах нь хүчит их амьтдыг дүрслэн бөө мөргөлийн харайх, дэвхрэх, үсрэх хөдөлгөөний нэгэн адил буюу.
Хурдан морио хийморь сүлдэндээ дээдэлж, хулан, тахь мэт хурдлах битүү туурайтны хурд бярыг шимтэн үзэж, муу бүхнийг мартах бөгөөд соёолон морины тоосонд даруулах, хөлсийг нь дээдэлж гар хүрэх бөгөөд ингэснээрээ бие сэтгэлээ ариусган сэргээх ёс заншил уламжилж иржээ.
Алаг эрээн нум сумаа эвшээлгэн татаж, арьсаар үйлдсэн сүг-биетийг харваж муу ад зэтгэрийг хөөн зайлуулж, сүлд хийморио сэргээнэ. Энэ үед ялан дийлэхийн түрлэг тэнгэрлэг нэмж хоолой нийлүүлэн уухайлж, хормой тосон хоёр гараа дээш өргөн онч мэргэдийг дэмжин, хөгжөөж хурайлдаг.
Наадамд бөхийн зүүн магнайг ихэд хүндэтгэнэ. Энэ нь эхийн удамт ёс хас төрийн бэлгэдэлийн учир гэлтэй.
Мөнх тэнгэрийн бөө мөргөлийн ёс нь ард түмний дунд ам дамжин домог туульс, үлгэрээр амилан, өөлөх өөгүй нандин үг хэллэг нь эрдэнийн сувд, шүр адил тунамал ариунаар хадгалагдан үлдэж, бичигдээгүй боловч ам дамжин ард түмний дунд өвлөгдөж ирсэн билээ.
Монгол ардын “Бум-Эрдэнэ” баатарлаг туульд Хажир хар тэнгэрийг:
Цустыг алаад өссөн
Цулбууртныг хөтлөөд өссөн
Долоон насандаа дориглоод төрсөн
Хүрсэндээ хөө мөртэй
Харгалзсандаа хар мөртэй
Эр бүгдийг алаад бах нь ханадаг
Эм бүгдийг олоод сэтгэл нь ханасан
Эрийн сайн хажир хар гэсэн нэгэн хар тэнгэрийг хэлсэн нь энэ бололтой байдаг.
Дөрвөд ардын “Хөхөлдэй мэргэн хаан” туульд:
Харзын усыг буцалтал хэлдэг
Хад чулууг хагартал хэлдэг
Хайрт хар хэмээх түшмэлтэй юм гэдэг нь бөөгийн дүр төрхийг хэлсэн болов уу.
Монгол бөөгийн дуудлаганд:
Хүдэр чулуун цээжтэй
Хүрэл чулуун бөгстэй
Хангай модон уяатай
Хар цусан сэржимтэй
Зуун ламын цусаар ундалсан
Мянган бандийн толгойгоор молцог хийсэн
Хадан хошуу дамжлагатай
Харуй бүрийд гүйдэлтэй
Хан хэрээ дагуултай
Халтар баавгай унаатай
Тоймон толгойтыг хардаггүй
Тойн хуврагийг үздэггүй
Хан хар тэнгэр минь гэжээ.
Алив шашныг бодлогоор албадан туйлшруулсны уршгаар шашин хооронд сөргөлдөөн гарч Монголын язгуурын бөө мөргөлийн ёс алдагдаж, шахагдан, устах, уусах тийшээ хандсан боловч Монголчуудын угийн төрмөл ухаан байгаль тэнгэрийн шүтлэгтэй нягт холбоотой учраас өнөө хүртэл тэнгэрт мөргөж, уул хайрхадаа аргадан сүслэн залбирсаар ирсэн билээ.
Мөнх тэнгэрийн бөө мөргөл нь уул хайрхад, ус булгаа сүмчилэн, тэнгэрчилэн ариун нандинаар хамгаалж, ёс заншил, ахуй заншилд хэвшсэн соёл иргэншлийг үүсгэн удаан хугацаагаар оршин тогтнож, аль ч шашин, төр улс, төрийн бодлогод захирагдалгүй өөрийн язгуур төрх онгодынхоо шид чадлаар ард түмний дунд өргөжин хөгжсөөр иржээ.

No comments:

Post a Comment